БАЙГАЛИЙН ШИРХЭГТ олон улсын чуулган болж өндөрлөлөө
ТННЭ-н ноолуурын хувьд тогтоон хэрэгжүүлж буй олон улсын стандартаа байгалийн гаралтай бусад ширхэгтүүдийн хувьд нэвтрүүлэхээр сүүлийн 3 жил уйгагүй ажиллаж байгалийн ширхэгтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран олон улсын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн БАЙГАЛИЙН ШИРХЭГТ олон улсын чуулган нь ХҮН ТӨВТЭЙ БАЙГАЛИЙН ШИРХЭГТ дэд сэдвийн дор 9 сарын 8-нд Улаанбаатар хотод явагдлаа. Уг чуулган нь Итали улсын Белла хотод 9-р сарын 28-29-ний өдрүүдэд болох "Natural Fibre Connect" олон улсын хурлын урьдчилсан Монгол дахь салбар хуралдаан юм.
2 дахь удаагаа зохион байгуулж буй энэ удаагийн чуулганыг байгалийн ширхэгтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг малчид, аж ахуйн нэгжүүд өөрсдөө гардан ТННЭ, ХХААХҮЯам, Нутаг Дундын Малчдын Хоршооны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Манай малчид, малчдын байгууллагын удирдагчид хийж бүтээж буйгаа энэ мэтээр дотоод гадаадын хурал зөвлөгөөн дээр танилцуулах хэмжээнд хүрч буйг харахад бас бахдалтай байгаа тухай манай судлаач эрдэмтэд бага хурлын үеэр өгүүлж байв.
Тус чуулганд хэлэлцэгдсэн илтгэлүүд гарсан санал дүгнэлтүүдийг Италийн Белла хотод болох"Natural Fibre Connect" олон улсын хуралд малчид, малчдын байгууллагын төлөөлөл өөрсдөө оролцож танилцуулан санал бодлоо солилцох юм.




